a

a

"Алтан Үзэг" наадам

Оюутны сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах улсын наадам.

"Алтан Үзэг" оюутны клуб

Сэтгүүл зүйн ангийн оюутнуудын бүтээлийг манай хуудсаас уншаарай.

Бизнесийн сэтгүүл зүй

Бизнесийн, эдийн засгийн сэтгүүл зүйн шинэ чиг хандлагыг бид судалж байна.

Онлайн сэтгүүл зүй

Цахим орчинд бидэнтэй үргэлж хамт байгаарай.

Мультмедиа

Мэдээллийг дуу, дүрс, текст бүхий л хэлбэрээр хүргэнэ.

Wednesday, January 30, 2013

Sunday, January 13, 2013

"Хүний наймаа" нийгмийн реклам


"Алтан Үзэг" наадмын Нийгмийн реклам төрөлд тэргүүлсэн ХИС-ийн Сэтгүүл зүйн IV-27 ангийнхны бүтээл. 
Манай оюутнууд шагналын мөнгөө энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охидын өмгөөлөгч хөлслөх зардалд хандивлана гэсэн юм.

Friday, January 4, 2013

“Алтан үзэг” догдлолоор дүүрэн байлаа

Наадмыг зохион байгуулсан Сэтгүүл зүйн III ангийн хамт олон
  ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхим оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” гурав дахь удаагийн наадмыг энэ сарын 7-нд зохион байгууллаа. ХИС, МУИС, УБИС, ОТИС тэргүүтэй 10 гаруй сургуулиас оюутны 150 гаруй бүтээл ирснээс нийтлэл, радио, телевиз, нийгмийн рекламны төрөл тус бүр гурав, гранпри шагналыг нэг оюутан хүртлээ. Наадмын шүүгчээр Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч сэтгүүлч, зохиолч Б.Галаарид, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх, “Өнөөдөр” сонины I орлогч эрхлэгч С.Батбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн нар ажилласан юм.
Энгийн л нэг мэдээ. Сэтгүүлзүйн оюутнууд ур чадвар, авъяас мэдрэмжээ сорин өрсөлдөцгөөж. Тэгээд юу гэж?
  Амьдралын хэмнэл бүхэлдээ мэдээллээр хэмжигдэх болсон нийгэмд бид амьдарч байна. Ухаалаг гар утас, интернэтгүйгээр нэг өдрийг ч өнгөрөөж чадахгүй болтлоо “донтсон” хэдэн зуун сая хүний нэг нь та ч байж болох юм. Ялангуяа технологийн түвшинд талх, ус мэт хэрэглээ болсон фэйсбүүк, твиттер хуудсаас мэдээллийн цөөнгүй хувийг авж буй биз. “Энэ тохиолдолд сэтгүүлч яг ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс тэдэнтэй, тэдэнгүй хангалттай мэдээлэл олж авч чадаж байна” гэх хүн маш олон бий. Сирид дайн дэгдэж, Монголд инфляци өсөж, албан тушаалтнуудын халаа сэлгээ болж, эсвэл халамжийн бодлого сайжирсан тухай мэдээллийг ихэнх хүн олон нийтийн хуудсаас анхлан авдаг. Харин энэ бүхний үүтгэл, учир шалтгаан болон нийгэмд, тодруулбал үүнийг уншигч таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ, асуудлаас гарах шийдэл юу байж болох вэ? Мэдээллийн үнэ цэнэ хийгээд XXI зуунд сэтгүүлчид оршин тогтнохын зангилаа энд буй биз ээ. “Алтан үзэг” наадамд жил бүр бүтээлээ ирүүлдэг, оролцдог оюутнуудын чин хүслийн үзүүр ч энэ. Тэдний туйлын хүсэл зурагтаар орой бүр гарах, радиогоор дамжуулан цээлхэн хоолойгоо хүргэх, хүндтэй нийтлэлч болох төдийхнөөр хязгаарлагдахгүй гэдэгт итгэнэм. Сэтгүүлч болохын төлөөх гал эрмэлзэл нь нийгмийг түүчээлж, сайн сайхан, гэрэл гэгээ рүү хөтөлдгийг түүх гэрчилнэ. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны хэлсэнчлэн “Сэтгүүлийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ”. Сэтгүүлч бол мэдээлэл дамжуулагч “робот” огтоос биш, үнэний эрэлчин, үгээр үйл мэтгэгч уран бүтээлчид ч байж болох юм. Эрхэм мэргэжлийг эзэмшихээр тэмүүлж буй залуу уран бүтээлчдийн урам зоригийг тэтгэх, сэтгэл дэх очийг нь гал болгон асаахад л “Алтан үзэг” наадмын зорилго оршино. Мэдээж тэр зам урт, бартаа ихтэй. Гэвч мөрөөдөл, үзэл бодолдоо, өөртөө үнэнч байвал би, чи, бид бүгдээр өөрийн мөрийг үлдээж чадна. Итгэлээ амьдаар нь хадгал!


“Алтан үзэг”-ийн манлайлагчид

Гранпри шагнал:
Ц.Лоохуузын гэргий Ж.Бүрэнжаргалтай хийсэн “Тэр харгис нийгмийг бид харанхуй дунд нь сөрсөн. Хожим гэгээ орно гэх итгэлээр сэтгэлээ тэжээж байлаа” ярилцлага - ХИС-ийн Орчуулагч-Сэтгүүлчийн IV ангийн оюутан Б.Эгшиглэн

Радио нэвтрүүлгийн төрөл:
I байр- “Харихын хүслэн” ХИС-ийн III ангийн оюутнууд
II байр- “Сэтгүүлчийн толь” МУИС-ийн оюутан Э.Энхчимэг
III байр- “Хайр мэдрэгдсэн үгс” ХИС-ийн IV ангийн оюутан Д.Янжинхорол

Нийгмийн реклам:

I байр- “Хүний наймаанаас сэргийлье” ХИС-ийн Сэтгүүл зүйн IV ангийн “Хүмүүнлэг-1” багийн оюутнууд
II байр- “Аз жаргалтай гэр бүл” ХИС-ийн Орчуулагч-Сэтгүүлчийн IV ангийн “Хүмүүнлэг-2” багийн оюутнууд
III байр- “Архигүй Монголын төлөө” “Идэр” дээд сургуулийн оюутан Ч.Сугархүү

Телевизийн нэвтрүүлгийн төрөл:

I байр- (Энэ жилийн наадмын телевизийн төрөлд сайн бүтээл маш цөөн байсан учраас тэргүн байрыг шалгаруулсангүй. Сэтгүүлч Д.Төрмөнх “Сайн бэлтгэж байгаад дараа жилийн наадмын тэргүүн байрыг аваарай” хэмээн оюутнуудад захисан юм.)
II байр- “Мэддэгээ мэддэггүйчүүд” ХИС-ийн III ангийн оюутнууд
III байр- “Сэтгэлийн нүд” ХИС-ийн IV ангийн “Хүмүүнлэг сэтгүүлчид” баг

Нийтлэлийн төрөл:

I байр- “Наалтын наймаа цэцэглэж байна” МУБИС-ийн оюутан М.Урантуяа
II байр- “Цахиураас үсэрсэн оч” “Отгонтэнгэр”их сургуулийн оюутан Г.Байгаль
III байр- “Зүрхэндээ хэлгүй ах дүүсийн нутгаар” МУИС-ийн Ц.Ариунтуяа
“Алтан Үзэг” наадмыг дэмжин “Өдрийн сонин” хоёр дахь жилдээ хамтран ажиллаа. Тэд сонины нэрэмжит шагналаа нэг оюутанд гардуулдаг байсан бол энэ жилээс хоёр оюутныг шалгаруулан тус бүр 100.000 төгрөг болон тус сонинд ажиллах эрх олгосон юм. Энэ шагналыг МУИС-ийн оюутан Ч.Зоригтбаатар болон ХИС-ийн Сэтгүүл зүйн IV ангийн оюутан Б.Зандраа хүртэв. 

  “Алтан Үзэг” наадам урьд нь 3 төрөлд шилдгүүдийг шалгаруулдаг байсан бол энэ жил Нийгмийн реклам гэсэн шинэ төрлийг нэмсэн билээ. Олон нийтийг зөв зан үйлд уриалах, арилжааны бус ийм сурталчилгааны ач холбогдол сүүлийн жилүүдэд өсч байгаа ч манайд харьцангуй шинэ хэлбэр юм. 
  Гэсэн ч уг төрөлд анхлан оролцож, тэргүүлсэн “Хүмүүнлэг-1” багийнхан “Хүний наймаанаас сэргийлье” рекламны шагнал 150 мянган төгрөгөө энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охидын өмгөөлөгч хөлслөх зардалд хандивлахаар болсон нь онцлог байлаа.

  Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин энэ жилээс эхлэн бидэнтэй хамтран ажиллахаар болов. Тэд Нийтлэлийн төрлийн шилдэг бүтээлийн эзэн, МУБИС-ийн оюутан М.Урантуяаг 150 мянган төгрөгөөр урамшуулан тус сонинд ажиллах урилгыг гардуулсан юм.

Шагналыг тус сонины I орлогч эрхлэгч С.Батбаатар олгов.

Наадмын зургуудыг эндээс үзнэ үү.